Нийтлэлийн төрөл: 3 Эрдэм шинжилгээний ажил
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР УУ, БАГААР АЖИЛЛАХ ЧАДВАР УУ?
4/23/2010
1:06 AM цагт
Өлзийбуян бичсэн
СЭЗДС -ийн багш Докторант Д.Гэрэлмаа, П.Эрдэнэ нарын гаргасан нэгэн нийтлэлийг хүргэлээ. Хүний нөөцийн чиглэлээр мэргэших гэж байгаа оюутнуудад онцгой хэрэгтэй нийтлэл юм шиг санагдсан. Зохиогчоос нь ямар нэгэн зөвшөөрөл авч амжаагүй байгаа. Гэхдээ блогт оруулсан гэдгээ заавал мэдэгдэнэ ээ. За тэгээд санаа оноо юу байна, хэлэлцэх хэсэгт бичээрэй.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР УУ, БАГААР АЖИЛЛАХ ЧАДВАР УУ?
Үүний улмаас монголчууд бүлгээр буюу баг болон ажиллах чадварыг хараахан эзэмшиж чадаагүй байна. Ажиллагсад нь баг болон хамтран ажиллаж чадаж байгаа нөхцөлд л байгууллага нь үр ашигтай ажиллах боломжтой юм.
Орчин үед ихэнх компаниуд байгууллагынхаа үндсэн түлхүүр нөөцийг хүний нөөц гэж үздэг. Учир нь байгууллагын гол хөдөлгөгч хүч бол хүн байдаг. Байгууллага хүнийг ажиллуулан, хүнд хэрэгцээт зүйлийг санал болгож, хүнээр удирдуулж байдаг. Бүлэг хүмүүсийн үйл ажиллагааг нэгтгэн чиглүүлж өгөх нь хүний нөөцийн удирдлагын гол үүрэг болно. Бүлэг хүмүүс анхандаа бие биеэсээ огт хамааралгүй, тус тусын амьдрал, зан төрх, үзэл бодол, үнэт зүйлстэй, зөвхөн хувийн хэрэглээнд тулгуурлан үйлдэл хийж байдаг бөгөөд ийм хувь хүмүүсийг нэгдсэн зорилготой болгох нь хүнд хэцүү хэрнээ зайлшгүй шаардлагаас үүдэн гардаг удирдлагын үйлдэл юм. Монголчууд зан төлөвийнхөө хувьд амиа хичээх үзэл бодол давамгайлсан, хамтран үйл ажиллагаа эрхлэх чадваргүй, бусдын өмнө хүлээх нийгмийн хариуцлага төлөвшөөгүй зэрэг өвөрмөц шинж чанаруудтай байдаг нь нүүдэлчдийн соёл, амьдрал ахуйн онцлогтой холбоотой юм. үүний улмаас монголчууд бүлгээр буюу баг болон ажиллах чадварыг хараахан эзэмшиж чадаагүй байна. Ажиллагсад нь баг болон хамтран ажиллаж чадаж байгаа нөхцөлд л байгууллага нь үр ашигтай ажиллах боломжтой юм.
Анх "Шинэ Долгион РМ 107, 5" радио станцид ажиллаж байсан мэргэжлийн ур чадвар сайтай ажилчид хоорондын зөрчилдөөнөөс шалтгаалан ажлаасаа гарсан. Үүний улмаас мэргэшсэн боловсон хүчний хомсдол үүссэн. Үүнийг шийдвэрлэхийн тулд мэргэжлийн ур чадвар төдийлөн сайн биш ч, хамтарч ажиллах чадвартай хүмүүсээр багаа бүрдүүлсэн нь тус радио станцийг эдүгээ хүртэл тухайн салбарын тэргүүлэгчийн байр сууриа хадгалахад нөлөөлсөн. 1990-ээд оны эхэн үед Монголын нийгэмд гарсан өөрчлөлтүүд нь Монголчуудыг гадаад улс орнуудтай нээлттэй харьцах боломжийг бүрдүүлсэн. Бидний хувьд мэдээллийн хэрэгсэлийн цоо шинэ хувилбар болох хэт богино долгионы радио станцуудын үйл ажиллагааны эхлэлийг тавьжээ. 1990-ээд оноос өмнө хэт богино долгионы үелзэлийг цэрэг цагдаа, агаарын нислэгийн навигаци болон телевизийн нэвтрүүлэг дамжуулахад ашигладаг байсан. Тухайн үеийн төрийн бодлогын дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслууд нь үзэл сурталын хүчтэй хяналтанд байсны улмаас бие даасан радио станц ажиллуулах нь байтугай гадаадын радио станцын нэвтрүүлгүүдийг сонсох ч хориотой байлаа.
1994 онд Монголын Радиогийн дэргэд "Хөх Тэнгэр РМ 100, 9" радио станц байгуулагдсанаар Монгол улсад хэт богино долгионы нэвтрүүлэг, дуу хөгжмийн бие даасан станциудын салбарын үндэс тавигдаж, 1995 оноос хэт богино долгионы бие даасан радио станц байгуулах зөвшөөрөл олгож эхэлжээ. Одоогийн байдлаар ДБЯ-ны "Долгион Ашиглалтын Газар"-аас 88-108 мГц-ийн үелзэлийг РМ радио станциудад ашиглаж болно хэмээн заажээ. өнөөдөр хэт богино долгионоор, Улаанбаатар хотод 13, хөдөө орон нутагт аймгийн төвүүдэд тус бүр 1-2 станц нэвтрүүлгээ цацан ажиллаж байгаа нь энэ бизнесийн эрэлт хэрэгцээ их байгааг илэрхийлж байна. Энэ бизнес, хамтлаг дуучид, шоу бизнесийг сонсогчидтой холбох гүүр, сурталчилгааны нэг шинэ хэрэгсэл болж байгаа. Нөгөө талаар сонсогчидын чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлэх, мэдээлийг шуурхай хүртэх хэрэгцээг хангаж байна. 2000 оны байдлаар тус салбар нийтдээ зөвхөн сурталчилгаанаас 80 сая төгрөгийн орлого олсон1 гэсэн тооцоо бий.
РМ радио станцыг ажиллуулж, бизнес эрхлэхэд техник тоног төхөөрөмж мөн тус техник дээр ажиллах дадлага туршлага бүхий ажилчид шаардлагатай байсан. Одоогийн РМ радио станциудын үндсэн тоног төхөөрөмж нь: антенн, дамжуулах станц, пульт, Си, МР тоглуулагч зэргээс бүрдэж байгаа билээ.
РМ радио станцын орлогын гол эх үүсвэрийг үндсэн 4 хэсэгт хувааж болох ба орлогод эзлэх хувийн жингээр нь авч үзвэл: реклам 60%, мэндчилгээ 20%, үгэн зар 20%, захиалгат нэвтрүүлэг 0, 01% тус тус эзэлдэг ажээ.
РМ радио станцын үйлчилгээг хуртдэг хэрэглэгчдийг дараах байдлаар тодорхойлж болно. Үүнд:
• Хамтлаг дуучид: Тэд өөрсдийн уран бүтээлийг хамгийн олон сонсогчидтой, хамгийн нэр хүндтэй радиогоор, хамгийн түрүүнд цацах сонирхолтой байдаг. Тэдний хооронд албан ёсны гэрээ хийдэггүй учир бие биеийнхээ өмнө хариуцлага тооцох тогтолцоо байдаггүй. Тэд уран бүтээлээ ямар ч төлбөргүйгээр радио эфирээр цацдаг бөгөөд тэдний бие даасан тоглолт, цомгийн рекламыг ч мөн үнэ төлбөргүйгээр хийж цацдаг байна. Үүнээсээ болж хамтлаг дуучдын зүгээс радиогоор реклам, дууг нь бага явуулж байна гэж гомдол тавьдаг.
• Сонсогчид: Тэд өөрсдөд таалагдсан дуу хөгжим, нэвтрүүлгийг сонсохыг хүсдэг бөгөөд тэдний сонирхол маш хувирамтгай шинжтэй байдаг. Радио станц нь сонсогч, уран бүтээлч хоёрыг холбосон гүүр болж өгдөг. Зөвхөн нэг радио станцын нэвтрүүлгийг сонгон байнга сонсдог хүн нийт сонсогчдын дунд бага хувийг эзэлдэг ба ихэнх нь аль алиныг нь сонсох хандлагатай байдаг байна. Үүнийг радио станцууд төрөлжөөгүй, өөрийн гэсэн өнгө аясыг олж чадаагүйтэй холбон тайлбарлаж болох юм.
• Реклам захиалагч байгууллагууд: Бизнесийн үйл ажиллагаа эрхэлж буй бүхий л байгууллагууд сурталчилгааныхаа нэг хэрэгслийг РМ радио станц гэж үздэг. Томоохон тэмдэглэлт үйл явдал, баяр ёслол ойртсон үед захиалагчдын тоо ихэсдэг. Рекламны эх бэлтгэх, эфирээр цацах гэж рекламны үйлчилгээг хоёр хуваан үзэж болно.
• Зар мэндчилгээ захиалагчид: Үүнд хувь хүмүүс, мөн албан байгууллагууд орно. Мэндчилгээг баяр ёслол, төрсөн өдөр, тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан дэвшүүлдэг.
• Нэвтрүүлэг захиалагчид: Албан байгууллагуудын хүсэлтээр захиалгат нэвтрүүлэг хийж явуулдаг ба энэ нь сонгуулийн үед ихэвчлэн хийгддэг боловч бусад үед бараг байдаггүй гэж хэлэхэд болох ажээ.
Улаанбаатар хотод ч үйл ажиллагаагаа явуулж буй 13 РМ радио станц байгаа бөгөөд тэдгээрийг 2 бүлэгт хувааж болно. Үүнд:
• Гадаадын радиогийн хөтөлбөр дамжуулах РМ станциуд, тухайлбал, ВВС, Өвөр Монголын радио гэх мэт
• Өөрсдийн бэлтгэсэн хөтөлбөрийг нэвтрүүлдэг станциуд. Эдгээрийг дотор нь ангилж үзвэл:
Байр сууриа бэхжүүлж чадсан РМ станциуд (Радио Улаанбаатар 102, 5, Шинэ Зууны Радио 107, "Шинэ Долгион РМ 107, 5", Радио Салхи 104, 5). Дурьдсан радио станциуд нь дамжуулах хүчин чадал сайн байдгийн зэрэгцээ хөтөлбөрүүд нь хэрэглэгчдийн таашаалд нийцсэн байдаг. Хараахан байр сууриа бэхжүүлж чадаагүй байгаа РМ станциуд (Улаанбаатар 101, 7, РМ 104). Долгион цацах хүчин чадал бага, нэвтрүүлэг нь хэрэглэгчдэд тэр бүр хүрч чаддаггүй.
РМ станциудын хөтөлбөр хоорондоо онцгой ялгаа байдаггүй бөгөөд үйлчилгээний үнэ нь өрсөлдөх гол хүчин зүйлийн нэг болдог. Тэд өрсөлдөөнд ялахын тулд, үнээ бууруулах замаар хэрэглэгчдийг татахыг оролддог.
"Шинэ Долгион РМ 107, 5" радио станц нь 1998 оны 5-р сарын 15-ны өдөр байгуулагдан, Улаанбаатар хотын сонсогчдод хөгжим мэдээллийн нэвтрүүлгээ цацан 4 жил тасралтгүй ажиллаж иржээ. Энэ радио станцыг РМ Улаанбаатар 102, 5 радио станц, түүнчлэн Монголын Радиод нэвтрүүлэгчээр ажиллаж байсан сэтгүүлч Ц.Ариунаа үүсгэн байгуулсан юм.
Анх үүсэх үедээ энэ радио станц нь зөвхөн залуучууд руу хандах бус, "Дурсамжийн" гэдэг утгаараа дунд насныхны сонирхлыг татах замаар сонсогчдынхоо тоог нэмэгдүүлэх бодлого баримталж байжээ. Энэ нь тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан хэт богино долгионы 4 радио станцуудаас ялгарч, зөвхөн залуучуудын төдийгүй өргөн олныг хамруулах зорилготой байв. Одоогийн байдлаар стратегийн хувьд нэг их өөрчлөлт ороогүй хэдий ч бодлогын шинж чанартай зарим зүйлийг өөрчилжээ. Тухайлбал, "Дурсамжийн" дуунууд нь олдоц ховор, бичлэгийн чанар муу, мөн дунд насныханд чиглэсэн нэвтрүүлэг голчилж байснаас залуу сонсогчдоо алдах аюулаас зайлсхийхийн тулд аль алиных нь хэрэгцээг тооцон нэвтрүүлгийнхээ хөтөлбөрийг хийх болжээ. Хэт богино долгионы радио олон станциуд шинээр бий болон, өрсөлдөөн ч нэмэгдэв. "Шинэ Долгион РМ 107, 5" радио станцын хувьд тэргүүлэх байр сууриа хадгалах шаардлага тулгарч, байнга шинийг эрэлхийлэн ажиллах болжээ. Энэ радио станц нь анх дуут болон зохиомжит реклам, мэндчилгээг хулээн авагчид нь биечлэн хүргэх, дуу хөгжмийг төрөлжүүлэн дамжуулах зэрэг олон шинэ санааг хэрэгжүүлж байсны зэрэгцээ эфирт ажиллаж байгаа хөтлөгчдийн үг хэллэгт онцгой анхаарч, нэвтрүүлгийн еренхий өнгө аясыг өөдрөг байлгахыг эрмэлзэж байжээ.
"Шинэ Долгион РМ 107, 5" радио станц нь 2001 оны байдлаар эфирт долоо хоногт нийт 168 цаг ажиллаж байснаас мэдээ мэдээлэл нь нийт нэвтрүүлгийн 1%, сургалт танин мэдэхуйн сэдэв 9%, дуу хөгжим 66%, цэнгээнт нэвтрүүлэг 2%, уран зохиол 5%, зар сурталчилгаа 15%-ийг тус тус эзэлжээ.
Албан байгууллагын рекламыг захиалгаар хийх, бэлдсэн рекламыг эфирт цацах, үгэн зар явуулах, сонсогчдын ая дууны мэндчилгээг захиалсан цагт дамжуулах, захиалгат нэвтрүүлэг явуулах зэрэг үйлчилгээг үзүүлдэг. Мөн 2001 оноос өөрийн радиогийн "Жолооны ард", "Үлмэдэх Цэцэгхэн хотхонд", "Хит" зэрэг нэвтрүүлгийг МҮТВ, UBS сувгуудаар телевизийн төрөл жанарт тохируулан хамтарч бэлдэн нэвтрүүлж эхэлжээ.
Анх байгуулагдахдаа 2 эрэгтэй, 1 эмэгтэй хөтлөгчтэй байв. Тус Радио станцыг үүсгэн байгуулагч Ц.Ариунаагийн хамт Улаанбаатар РМ 102, 5 радио станцид нэвтрүүлэгчээр ажиллаж байсан Батбаяр, Даваацогт нар нэвтрүүлэг хөтлөх болсон. Батбаяр нь радиод олон жил ажилласан туршлагатай нэвтрүүлэгчийн хүүхэд бөгөөд Орос сургууль төгссөн учир хэлний чадвар сайн, еренхий мэдлэгийн хүрээ өргөн, нэвтрүүлэгчээр 2 жил ажилласан туршлагатай хөтлөгч байв. Даваацогт нь бүр арван жилийн сурагч байхдаа 102, 5 радио станцын нэг нэвтрүүлэгт оролцож байгаад тус радиогийн удирдлагаас тавьсан нэвтрүүлэг хөтлөх саналыг хүлээн авч, улмаар хөтлөгчөөр ажиллах болсон. Батбаяр нь 102,5 радио станцид ажиллаж байхдаа "Бонус", Даваацогт нь "Чөлөөт ярилцлага" нэвтрүүлгийг тус тус бэлдэж хөтөлдөг байсан нь тухайн үед эдгээр нэвтрүүлэг нь сонсогчдын таашаалыг хүртэж байв. Энэ хоёр нэвтрүүлэгч нь "Шинэ Долгион РМ 107, 5" радио станцид орсны дараа "Nostalgia", "Жолооны ард" нэвтрүүлгүүдийг шинээр санаачлан бэлдэж явуулжээ. Анх энэ радио станцыг олны танил радио болоход нэвтрүүлэгчдийн олонд танил болсон дуу хоолой чухал үүрэгтэй байсан. 1998 оны 7-р сард радиогийн захирал өөрийн танилын шугамаар 2 оюутныг авч ажиллуулсан боловч тогтвортой ажиллах чадваргүйн улмаас 6 сар ажиллаад гарчээ. 1999 оны 1-р сараас сонирхлынхоо дагуу ажиллахаар ирсэн Батсүх, Ганзориг нарыг шинээр нэвтрүүлэгчээр авч ажиллуулжээ. Батсүх нь гэр бүлтэй, өмнө нь дууны найруулагчаар ажиллаж байсан, мэргэжлийн ур чадвар, туршлагаар сайн нэвтрүүлэгч байв. Харин Ганзориг нь радиод ажиллах туршлагагүй боловч хэл ярианы чадвар болон гадаад хэлний мэдлэг сайн, хөгжмийн мэдрэмжтэй, мэдлэгийн хүрээ харьцангуй сайн оюутан байв.
Анх 107,5 радио станцынхан санаачлан дуу хөгжмийг төрөлжүүлэн "Зохиолын дууны цаг", "Дурсамжийн дууны цаг", "Орос дууны цаг" гэх мэт цомгоор явуулдаг байсныг бусад РМ станциуд хуулбарлаж эхэлсэн тул РМ 107, 5 радио станцынхан дуу хөгжмийнхөө хөтөлбөрийг холимог хэлбэрээр багцлан цацсанаар бусад РМ-үүдээс ялгарчээ.
Шинээр орсон хөтлөгчид, 107,5 радиогийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцон, программын шинэчлэл хийх, хэрэглэгчдэд илүү ойртох үүднээс шинэлэг санаа, нэвтрүүлэг, тухайлбал, зөвхөн захиалгаар мэндчилгээ дамжуулах бус, утсаар холбогдох, биечлэн мэндчилгээ хүргэх, бэлэг хүргэх зэрэг үйлчилгээг санаачлан хэрэгжүүлж байсан нь сонсогчдыг байлдан дагуулж байжээ.
Сонсогчдоос авсан судалгаанаас үзэхэд "Шинэ Долгион РМ 107, 5" радио станцын нэвтрүүлэгчид нь рейтинг өндөртэй болох нь харагдаж байсан. Хөтлөгчдийн хүйсний харьцааны хувьд 80% нь эрэгтэй, 20% нь эмэгтэй байсан байна. Судлаачид "эрэгтэйчүүд давамгайлсан орчинд зан төлөвийн байдал түрэмгий, амжилтыг хэт их шүтсэн байдаг нь алдаа гаргахад хүргэдэг ба гүйцэтгэлд сөргөөр нөлөөлөх аюултай" гэж үздэг.
Ур чадвартай хөтлөгчид ажилладаг байсан учир бусад РМ радио станциудын хөтлөгчидтэй бус, өөр хоорондоо өрсөлддөг байв. Энэ нь эхэн үедээ радио байнга шинэчлэгдэж өөрчлөгдөх, хөгжихөд хөдөлгөгч хүч нь болдог байсан боловч, яваандаа энэ өрсөлдөөн нь туйлширч, хувийн шинжтэй болсон. Радиогийн үйл ажиллагаа өргөжин тэлэхийн хэрээр захирлын ажлын ачаалал улам нэмэгдсэнээр ажил үүргийн хуваарилалтыг өөрчлөх шаардлага гарч, улмаар удирдлагын нэг орон тоо бий болгон нэвтрүүлэгчдийнхээ нэгийг харьцангуй хариуцлагатай, зохион байгуулах чадвартай гэж дүгнэн Даваацогтыг эфирийн ахлагчаар томилжээ. Захирал Ц.Ариунаагийн гаргасан энэ шийдвэр нь нэг түвшинд хоорондоо хүчтэй өрсөлддөг байсан нэвтрүүлэгчдийн хооронд зөрчилдөөн үүсэхэд хүргэсэн. Энэ зөрчилдөөний уршгаар ажил таслалт нэмэгдэх, хөдөлмөрийн сахилга батыг ноцтойгоор зөрчих, эфирийг дур мэдэн орхиж явах, 7 хоногийн шуурхай зөвлөлгөөний үед хувийн шинж чанартай маргаан үүсэх зэрэг үзэгдлүүд илрэх болов. 2001 оны 4-р сард хөдөлмөрийн сахилга батыг ноцтойгоор зөрчсөн 2 хөтлөгчийг ажлаас нь халахад хүрч Даваацогт ганцаар нэвтрүүлгээ хөтлөх болсон. Хэрэглэгчдээс авсан судалгаанаас үзэхэд сонсогчдын 70% нь "хөтлөгчийн үүргийг голлоно" гэж тодорхойлсон нь энэ асуудлын ач холбогдлыг тодотгож өгч байгаа юм.
"Билэгсанаа" ХХК-ийн үндсэн үйл ажиллагаа болох Шинэ Долгион радио станцтай холбоотой бүх асуудлыг захирал ганцаараа шийдвэрлэдэг хэдий ч, эфирийн ахлагч болон найруулагч нар зөвлөх үүрэгтэйгээр боловсон хүчний асуудлыг шийдвэрлэхэд оролцсон.
Боловсон хүчний хомсдолоос гарах үндсэн 4 боломж байна гэж үзсэн. Үүнд:
Нэгдүгээрт, дотоод бололцоогоо ашиглах буюу өөр албан тушаалтныг нэвтрүүлэгчээр давхар ажиллуулах: ингэснээр боловсон хүчнийг чиглүүлэхэд арай бага хүч хөдөлмөр шаардагдахын дээр нөөцийг харьцангуй бага зардлаар илүү бүтээмжтэй ажиллуулах боломж байсан. Гэвч, угаасаа хомсдолтой боловсон хүчний нөөц нь хүрэлцэхгүйн улмаас нэг хүний ажлын ачаалал хэт өндөр байх аюултай байжээ.
Хоёрдугаарт, сэтгүүл зүй болон соёл урлагийн чиглэлээр дээд сургууль төгсөгчдөөс шинэ ажилтан сонгож авах. Гэтэл их дээд сургууль төгсөгчид зөвхөн өөрийн суралцсан чиглэлээрээ мэргэшсэн учир радиогийн ажилтны бусад ур чадвар эзэмшүүлэхэд нэлээд бэрхшээлтэй байсан.
Гуравдугаарт, зар гаргаж нэвтрүүлэгчээр ажиллах дур сонирхолтой хүмүүсээс шалгаруулан сонгох. Ийм зарлалын дагуу ирж буй хүмүүсийн дийлэнх нь оюутнууд байсны зэрэгцээ тэд шаардлагатай ур чадваруудыг эзэмшээгүй, зөвхөн сонирхолдоо хөтлөгдөн ирсэн байна. Ийм шугамаар орж ирсэн хүмүүсээс нэвтрүүлгийн студид бичлэг хийж хөгжмийн мэдлэг, ярианы чадвар зэрэг үзүүлэлтүүдээр шалгаруулж 2 хүнийг цаашид хөгжүүлэн сургах зорилгоор авч ажиллуулсан боловч тогтвортой ажиллах чадваргүйн улмаас ажлаа орхин явсан.
Дерөвдүгээрт, хувийн харилцааны суваг буюу танилуудын хүрээнээс авч ажиллуулах боломж байсан.
Дээрх боломжуудыг үнэлж үзээд шийдвэр гаргагчийн зүгээс туршлага, мэргэжлийн ур чадвартай хөтлөгчдийг татаж баг бүрдүүлэхэд ямар байдалд хүрч болохыг өмнөх сургамжаас мэдэрсэн бөгөөд туршлагагүй боловч хамтарч ажиллах чадвартай, суралцах эрмэлзэлтэй, хариуцлагатай, найдвартай хүмүүсийг дадлагажуулах замаар ажиллуулж болно гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Тухайн хүний зан төлөв, ялангуяа итгэл даах, хариуцлага хүлээх, хамтран ажиллах чадварыг үнэлж мэдэхэд мэдээлэл ихтэй, найдвартай эх үүсвэр нь хувийн харилцаа, танил талын хүрээ гэж үзжээ. Ийм замаар шинээр 3 нэвтрүүлэгч сонгон авсны хоёрыг нь хувийн харилцааны суваг буюу танил хүмүүсээс сонгосон, нөгөө нэг нь өмнө ажиллаж байгаад халагдсан нэг хүнийг эргээд нэвтрүүлэгчээр ажиллуулах болсон байна.
Энэ сонголтын үр дүнг тооцоход дараах үзүүлэлтүүдийг ашиглажээ. Үүнд:
1. Сонсогчдын санал
2. Нэвтрүүлгийн чанар
3. Шинэ нэвтрүүлэг, шинэлэг санаа
4. Хөдөлмөрийн сахилга бат
5. Хөдөлмөрийн бүтээмж
Дээрх арга хэмжээний үр дүнд эдүгээ тус радио станцын нэвтрүүлгүүдийн чанар жигдэрч, бүгд нэг түвшинд хүрсэн. Шинээр хийсэн "Гэртээ ганцаараа", "Эрдэнийн хорол" нэртэй 2 нэвтрүүлэг сонсогчдын саналаар маш өндөр үнэлэлт авсан байна. Шинэ нэвтрүүлэгчид ажиллах болсноос хойш шинэлэг санаа, шинэ нэвтрүүлгүүдийн тоо нэмэгдсэн. Байгууллагын дотоод уур амьсгал найрсаг, бүтээлч болж, хөдөлмөрийн сахилга бат дээшлэн хамтарч ажиллах сонирхол нэмэгдсэний дээр хүйсний харьцааны хувьд эмэгтэйчүүд давамгайлж 60%-ийг, эрэгтэйчууд 40%-ийг эзлэх болсон. Боловсон хүчний удирдлагын онолын үүднээс хүйсний харьцаа тэнцүү байх нь тохиромжтой гэж үздэг бөгөөд 107, 5 радио станцын ажилтнуудын хувьд эдүгээ өмнөхөөсөө илүү хүйсийн зохимжтой харьцаатай гэж үзэж болох ба бие биеэ орлон ажиллаж чадахуйц туршлагатай, чадвартай баг бүрдэж чадсан. 2002 оны 4-5-р сард хийсэн судалгаанд хамрагдсан сонсогчдын 71% нь "Шинэ Долгион РМ 107, 5" радио станцыг байнга сонсдог гэж хариулсан нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ.